Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв.
Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.
Айлчлалын үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн тншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
Монгол Улс, ХБНГУ 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм.

0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.