Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн ахмад настанд суурь тэтгэвэр олгох юм. Цэргийн, онцлог мэргэжлийн болон олон хүүхэдтэй эх, хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас хүрсэн өдрөөсөө эхлэн суурь тэтгэвэр авах эрх үүснэ.
Энэ насанд хүрээгүй, халамжийн тэтгэвэр авдаг ахмадуудад суурь тэтгэвэр олгохгүй. Гэхдээ халамжийн тэтгэвэр авдаг ахмадуудыг эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60 нас хүрмэгц суурь тэтгэвэр өгч эхэлнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар суурь тэтгэвэр авах 400 гаруй ахмад настны суурь тэтгэврийг бодоод дуусаж байгаа аж. Уг мэдээллээ 10 дугаар сарын 30-нд банканд хүргүүлж, 11 дүгээр сарын 1-нээс үндсэн тэтгэвэртэй хамт суурь тэтгэвэр олгож эхэлнэ.
Гэхдээ эхлээд үндсэн тэтгэврийг дансанд хийнэ. Дараа нь суурь тэтгэврийг шилжүүлнэ. Үндсэн болон суурь тэтгэвэрт хэдэн төгрөг орсныг хянах боломж олгох үүднээс ингэж тусад нь шилжүүлэхээр НДЕГ төлөвлөжээ. Хамтад нь шилжүүлбэл суурь тэтгэвэр нь хэдэн төгрөг байгааг зарим ахмад ялгаж салгаж мэдэхгүй будилах эрсдэлтэй.
Суурь тэтгэврийн хэмжээг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100.000-300.000 төгрөг байхаар ялгаатай тооцжээ. Дундаж хэмжээ нь 224.000 төгрөг байх аж.
Жишээ:
• 20 жил шимтгэл төлсөн, сард 769.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг ахмад сард 201.550 төгрөгийн суурь тэтгэвэр авна. Сарын нийт тэтгэвэр нь 970.550 төгрөг болно.
• 35 жил шимтгэл төлсөн, сард 769.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг ахмадад сард 276.550 төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Сарын нийт тэтгэвэр нь 1.045.550 төгрөг болно.
• 30 жил шимтгэл төлсөн, сард 1.000.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг ахмад сард 240.000 төгрөгийн суурь тэтгэвэр авна. Сарын нийт тэтгэвэр нь 1.240.000 төгрөг болно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцын дундаж түвшинтэй уялдуулан, жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нэмж байхаар заасан. Үүний дагуу 2027.01.01-нээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэхээр 2027 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд тусгажээ.




0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.