Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэн болохыг онцоллоо.
Эдгээр дурсгалууд нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлж, дэлхийг үндсээр нь өөрчилсөн “Монголын зуун” хэмээн нэрлэгддэг Их эзэнт улсын түүхийг тод харуулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжиж буй Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорум хотын Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны томоохон бэлгэ тэмдэг, бодит үр дүн болж ирсэн гэдгийг тэмдэглэлээ.
Археологийн олдвор, шинжлэх ухааны судалгааны үр дүнд Хархорум хот нь зөвхөн Монголын эзэнт гүрний улс төр, засаг захиргааны төв төдийгүй өрнө, дорныг холбосон худалдаа, шашин, соёл, мэдлэгийн олон улсын томоохон зангилаа байсныг улам тод томруун бататган харуулж байгааг дурдлаа.

0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.